Энэ хорвоогийн бүхий л хүн төрөлхтөн ХХ-р зуунд “Мянган жилийн хамгийн суут хүн” –ээр өргөмжлөн хүндэлсэн Монголын аугаа их хаан Чингис маань хоол хүнсэнд асар их ач холбогдол өгч байсныг сонирхуулъя.

“Их улсыг засах, идээн ундаан бэлдэж хэрэглэх хоёр нь адил буй” хэмээн сургаж байжээ. Тэмүүжин анх 1189 онд Хамаг Монгол улсыг нэгтгэж хаан ширээнд суумагцаа хамгийн түрүүнд Буурчийн алба –ыг (хоол хүнсний асуудал хариуцсан алба) байгуулж итгэлт 3 хүн болох Энхгүр, Сүхтэр, Хадан нарыг томилсон. Харин 1206 онд Монголын нэгдсэн төрт улсыг байгуулахдаа Буурчийн алба –ынхаа эрх хэмжээг өргөжүүлж Энхгүр, Борохул, Тулай 3-ийг тэргүүнээр нь томилсон байна.

Монголчууд эрт дээр үеэс хоол ундыг гарал үүслээр нь цагаан идээ, улаан идээ, ногоон идээ, шар идээ, хар идээ гэж 5 өнгөөр ангилан ялгаж ирэв:

  • Цагаан идээнд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хийсэн хоол унд
  • Улаан идээнд гэрийн тэжээвэр амьтны болон зэрлэг ан амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүнээр хийсэн хоол унд
  • Ногоон идээнд таримал болон зэрлэг ургамалын гаралтай хоол хүнс
  • Шар идээнд тосон бүтээгдэхүүнүүд
  • Хар идээнд ус, рашаан, архи 3 ордог

Орчин үеийн зөв хооллолтын онолоор насанд хүрсэн хүн хоногт 3 юмуу 4 удаа хооллох нь зохистой гэж үздэг. Хэрэв ингэж чадвал өглөө 30%, өдөрт 35-40%, оройд 30-35% -ийг хэрэглэхээр нэг өдрийн хоол хүнсээ хуваарилах нь зүйтэй. Үүнээс 17% нь мах махан бүтээгдэхүүн, 10% нь сүү сүүн бүтээгдэхүүн, 10% жимс жимсгэнэ, 23% хүнсний ногоо, 40% гурилан бүтээгдэхүүн, үр тариа, буурцагт ургамал (шош, вандуй, эрдэнэ шиш, арвай гэх мэт) эзэлж байхаар тохируулах ба аль болох олон нэр төрлийн хүнсээс зохистой хэмжээгээр хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Монгол орны эрс тэс уур амьсгал, улиралын онцлогт тохируулан хоол хүнсээ сонгох нь чухал:

  • Хавар зуны улиралд сүү цагаан идээнээс гадна ургамалын гаралтай хүнс
  • Намар өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг
  • Өвөл хаврын улиралд шар луувангийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж дархлаагаа дэмжвэл зохистой.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх